Thursday, September 24, 2015

140821

2014 оны 8 дугаар сарын 21 Хар Тэнгэр /Зүрх Хайрханы бэлд/

...
- Өвөө балчир нь цуурай хураагчаа асаачих уу?
- Ухаан бодлоо гээчих ээ юу?
- Үгүй өвөө, дараа нь балчирт нь хэрэгтэй байдаг юм.
- За, зал аа зал. 
Орчлон их хорвоогийн хөрстийн Эх заяа
Хүмүүний Эх Дээд болсон
Миний Монголын үр сад
Миний түмэн ард
Эгэл олноороо баясал арвинтай
Түмэн олноороо хийморь нь босоо
Халх баяслаараа түмэндээ түшигтэй
Хайрын хэлхээгээрээ биендээ энэрэлтэй
Голомт бүхэн нь өөдөө босоо байг
Заяа бүхэн нь өөдөө хийморьлог байг
Үрс бүхний үйл нь хүртэж
Үрс бүхний минь үйлс нь цэцэглэж
Хийморь болох үрсийн алдар Тэнгэр өөдөө цойлох болтугай.
- Хурай, хурай, хурай ...
- За өвөө нь утаагаа таалъя...
Хангай тал минь зүсээ ажуулж
Хайрхад их уулс нь хураа залаад
Үрс, та үрсийн сэтгэлийг тандах гэж
Өнө эх заяанд өвгөн би тухаллаа.
Зүдрэх сэтгэл нь чимхийн төлөө ч байсангүй. Тэнгэр намайг хормойдох гэж тэнгэрийн их хурыг ч ажрахгүй сэтгэл хумин тухлах, үрсүүд дээ талархлаа.
- Талархлаа, өвөө...
- Байгаль эх ганган их хуягаа сэлгэн байх өнөө үед тэнгэр их хураа залаад, үрс та нарын сэтгэлийг нэг сорин байж заллаа даа.
Уудам талдаа сэтгэлийн буртгаа гээгээд
Уг эх түшиг болсон Тэнгэр намайг хормойдоод
Өчил сургаалыг минь сонордон байж
Үйлийн эх дээдийг залах гэж
Үрсийн сэтгэл магнай ханам байх шив дээ.
- Тийм ээ, өвөө. Сайхан байна аа... Хувьтай хүн хур борооноор гэдэг билүү, өвөө?
- Ай даа. Хур нь гурван зүглэгтэй байдаг.
Эх ганган байгалийн буртгийг нь, сэвийг үргээж нэг заларна
Нэгэн хүмүүний сэтгэлийн бядыг сорих гэж нэг заларна
Хувь буяныг хормойдох хүмүүний хишгийг Тэнгэрээс залах гэж нэг залардаг юм даа.
- Ойлголоо, өвөө.
- Идэр жаврыг сөрөн байж тухлахдаа өвгөд бидэн нь жихүүн хүйтэн цасан хуяган дээр заларч л тухалдаг байлаа. Сэтгэлээ дээдэлсэн түмэн үрсүүд жихүүцэхийг нь ажрахгүй өвгөдийн сургаалыг сонордохоор хормойддог л байлаа. Энэ чинь ахар аа, үрсүүд минь. Заяат эх үрсүүд, та үрсүүд хорвоо эх талдаа, хүмүүний их заяагаар замнан байж өндийхдөө
Хүсэлдээ дээдлэх арвин бодолтой
Хүртэх их замнал нь арвинтай цагаан
Баялаг их үйл нь хормой тосон
Хурын их буянаар үрсүүдэд хишгээ хайрлах нь өнөө од төгс билээ.
Их Хайрхадын сүрлэг эх овоо нь сүндэрлэн байхыг ажих нь ээ
Энгэр хормойд налайн тухлах өвгөн намайг ажиж
Энгүй талын жигүүртэд даль ч жигүүрлэн баяслыг хуруулж
Үрс та нарыг талархсан сэтгэлийг дамнуулан өчиж байна.
Сарын дээдийг дээдлэн байж, арвин хүслээр үйлийг цэгцэлдэг ч хүмүүн бүхэн идэр, балчир үрсүүдийн дээдлэх хийморьт овоо нь энэ. Үүнд залрах хүмүүнүүд нь идэр балчирхан үрсүүд, та үрсүүд заларч сэтгэлийн дээд, идээний дээд, эд баялгаа хормойдож, алив Тэнгэрийнхээ хүслээр алдраа цуурайтуулан, үйлээ даатгаж, өргөл цацлаа одуулах нь жаяг.
Харин хормойд нь тухлах Тэнгэр хомс юм шүү дээ. Эмээдэг. Түмэнтээ их шарын тэргүүнтэнгүүд залран тахиж мандаахдаа Тэнгэр хэмээнийг заларна гэж ажрахгүй дээ бидэн нь шартай нь харшдаггүй учиг өвгөн би нэг баясалтай л тухалж байна. Өнөө нэг тааваараа тухалъя даа, үрсүүдтэйгээ.
- Талархлаа, өвөө.
- Өвөө нь аагтай шаргалыг ахин таалъя, аятай юм гээ.
- Хатан ээж чанасан юм аа, өвөө.
- Ааш аяг аятай, арвин сэтгэл, ёс жаягаа, түмэн үрсээ дээдлэх сэтгэлтэй хатдын их заяа аагтай шаргал нь хүртэл түмнийг чуулуулж, арвин билэгшээлийг хүртээх буянтай, хийморьтой л үр байна даа. Өвгөн миний самсааны чимэг нь байна уу?
- Байна аа. Балчрынхаа самсааны чимгээс таалах уу, өвөө?
- За өвөө нь шунаг даа, шунаг.
- Зүгээр ээ, өвөө.
- Ммм, мм, ммм ... /Хамрын тамхи татав/
- Аятай байна уу, өвөө?
- Ай даа, аятай. Ахарлаж өвөө нь хүртлээ, эмээгээд байхаар чинь... /инээв/
Ай, миний үрсүүд ээ, сэтгэл байвал зоргоороо тарвалзацгаа. Эх Тэнгэр, Мөнх Хөх Тэнгэрийн Эцэг, Эх Заяа хүрмэн эх талд тухлахдаа
Хүний заяаг түшиж
Хальтрах заяаг нь тулаад
Хатуу заяаг нь зөөллөөд
Өөдөө нэгэн босоо
Үйлс бүхнийг нь хүртээж
Сэтгэл бүхнийг нь баясгаж замнах гэж л өвгөд бид нь тухалдаг билээ. 
Арвинтай сургаалыг өчиж, хашиж хамахдаа бус аа
Ухааныг залж
Үйлээ даатгаад
Хөх Мөнх Тэнгэрийн хийморь ч гэлээ, дээдлэх эх заяандаа үрсүүд та нар хүний эх тэргүүн зулайгаа үнэрлүүлээд, үйлээ даатгацгаа.
Ахан дээдсээ дээдлэн байж, арвин эх талын үрсүүд та бүхэн цугаар юу эс андах билээ дээ.
- Түшээ: Ээж эхлээд тухлаарай.
***
- Амгалан морилж байна уу, өвөө?
- Ай... ммм. Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амар амгалан. Өвөөгөө их санасан шүү.
  - Үрийн минь сэтгэл цагаан
                Үйлс нь өөдөө байг
                Түшиж тулсан үрсүүд нь баясуулж яваг
                Хийморь нь их жаргалыг дээдэлж яваарай, үр минь.
- Талархлаа, өвөө.
- Өвгөн би хэдэн жарны урд тэтгэн байж эх талдаа тухлахдаа өмнө минь чуулсан үрс үгүй, өнөө л нэг талынхаа үйлэнд мордоод л тухалдаг байлаа. Өнөө нэг ажихад
Зүглэг зүглэгнээс санагалзах үрсүүд арвин болж
Энгэр хормойд минь наадаж эрхлэх үрсүүд ч арвин болж дээ.
Талын их тал, хангай руу хайрхад ихийг аргадан таалж, түмэн заяат үрсийнхээ үйл бүхнийг даатгаж, Тэнгэрийн жаягаар үрс та нарынхаа хийморь лундаа, хишиг үйл, баялгийг нь хуруулах гэж өвгөд бидэн нь тал нутгаар арвинтай л мордож, арвинтай цуцталаа л дэгдлээ. Түмэн их сэтгэлийн түмэнтээ үрсүүдээ, буянаа дээдэлж заларсан үрсүүдээ өргөө голомтондоо хумигдаж, буумал Их Заяа Шүтээн би буг болтлоо тухлахдаа бус
Эх талаараа хэрэн хэсүүчилж
Энгүй шараар даяанчилж мордож
Хайрхад Ихээ аргадан таалж
Хангай талдаа үрсийнхээ үйлийг даатгасаар л, өвөө нь арвинтай л дэгдлээ.
Баруун, зүүнээ чагтлан байж, их сүрлэг хайрхадад үрс та нарынхаа үйлийг даатгаж, энэ сэтгэлээрээ түмэн үрсээ
Санасан бүхэн нь сэтгэлчлэн хүртэж
Сарвайх бүхэн нь мутарт нь заларч
Баялаг бүхэн нь сэтгэлээр нь хурж
Бахархах сэтгэл нь бялхан байг гэж өвөө нь мордсон.
Үрсүүдээ их арвин санагалзсан шүү.
- Талархлаа, өвөө. Бид ч гэсэн их санасан, өвөө.
- Энэ биений жаргалыг дээдлээгүй, Хөх Мөнх Тэнгэрийн үйлэнд мордохдоо улаан махан биеэ цуцтал үрсүүд чуулсан түмнээ даатгах гэж арвин үйлэнд мордох их хүсэл минь баясалтай. Хөх Мөнх Тэнгэрт Эцгүүд минь шагшин магтаж, хувь болгож хүртээсэн буянт үрсүүдэд Хайрхад Ихийн Савдагууд нь хүртэл хүсэл болгоныг нь хүртээ гэсэн зарлигдан, үйл зараалдан тухалсан юм шүү. Та нар хувьтай үрсүүд. Би талаас залраад түмэн үрсүүдтэй учирч хүртээгүй л байна. Амны хишигтэй үрсүүд та нар тал хангай, их л Савдаг, Тэнгэр Заяат түмэн их үйлийг хормойдох амны хишигтэй үрсүүд юм даа.
- Талархлаа, өвөө.
- Өнөө та үрсүүд ажаарай. Өвгөн маньтай учраад нэг л үйлийг сэтгэлдээ дээдлээд, өвгөн миний өмнө тухлаад, эх зулайгаа үнэрлүүлээрэй. Эргээд ажихад тэр үйл нь хүртэхдээ үнэн худлыг дэнчигнэн сориорой, та нар.
- За өвөө. Талархлаа өвөө.
- Хормой хотлоо самчаад л үрсүүддээ баялаг хүртээж хүчрэхгүй ч Тэнгэр заяагаар нь замнах, хүсэх үйлийг нь хүртээвэл та үрсүүдэд баялаг шүү дээ. Тиймээс үрсүүд та нар минь сэтгэлээ дээдэлж, Тэнгэрээ тэтгэж яваа үрсүүд та нар минь амны хишигтэй үрсүүд юм. Удам эх угсгаа үрсүүд минь хүртэл хормойдож хүчрээгүй л байна.
- Тунгаалаа, өвөө. Талархлаа.
- Өвгөн би шилийн сайн баатар эрсийн хийморьт их үйлээ, андгай тангаргаа тавин байж Ар Шил Хайрхан өөд мацахдаа
Баатарлаг эрсийн сүр хүч нь өндийж байг
Баясах эх түмэндээ энэрэл тустай байг гэж андгайг залж, үрсүүдээ даллаж даатгасан.
Алтан Овоо хэмээх Хайрхан өөд нь мацахдаа
Өргөө голомт минь ариун тунгалаг байг
Их овоо алдар лугаа алтан хэрэм мэт өндийлгөж замнаарай гээд үрс бүхнээ даатгасан.
Ай Баялаг Их Хайрхан, Дархан Их Хайрхан баялгийн хурыг залдаг Хаан заяатай, Хатан түшигтэй Хайрхан хормойд нь заларч
Үрс бүхний сэтгэлийг өндийж ижий, аав шиг нь түшээрэй
Баялаг бүхнийг нь дээдэлж хүртээгээд
Бахархах сэтгэлийг нь омогшуулж мордуулаарай
Заяатай их хишгийг нь хормой дүүрэн хүртээгээрэй
Замнах замбуулинд заяах жаргалыг нь бялхуулж нэг замнуулаарай гээд
Эд Баялаг Хан, Дархан Хан Хайрханд даатгасан.
Өндөр Хаан хэмээх Их Хайрханд төрийн их тахилгатай, түмний их дээдэс сэтгэлт Хайрхан өөд мацахдаа
Өлгий эх нутгийн өндийх сэтгэлийн түшиг болж
Үр заяаг нь түшиж тулаад
Өнө голомтыг нь ариун байлгаарай гээд өвгөн бид нь үйлээ даатгаж, үрсүүдээ даатгасан.
Баруунаа эх зүглэгтээ мордохдоо Отгон Тэнгэр хэмээх Хайрханаа өвгөд бидэн нь мацан байж тухлахдаа мөн л үрсийнхээ баатар эрс, үрсийнхээ хатад заяаг Цагаан Их Өвгөн Сахиусанд нь даатган үйлийг даатгаж, Даян Их Хайрхан, Хос Вансэмбэрүүг хослон заяах Ханийн Тэнгэрүүдийг нь даллаж даатгасан, өвөө нь.
                Тэрхийн хэмээх Цагаан нуур нь Эмгэн Эх Савдагтай, тэрлэг дээл нь нимгэрсэн ч үрсээ санагалах сэтгэл арвинтайд нь үрсийнх нь сэтгэлийг төлөөлөн байж өвгөд бидэн нь тухалж, дутуу бүхнийг нь дүүргэж, хугасарсан бүхнийг нь бялхуулаад, үрсийн буяныг алдрыг нь цуурайтуулан шавыг тавьж овоог сүндэрлүүлсэн, өвөө нь.
- Тунгаалаа өвөө. Арвин их үйлийг чилээжээ... Талархлаа.
- За өвөө нь ч талынхаа үйлийг та нарт тайлан байж зараалдлаа.
Шилийн Богд
Алтан Овоо
Дархан Хан
Баялаг Хан
Өндөр Хан
Отгон Тэнгэр
Тэрхийн Цагаан Нуур
Довцог Их Хайрхан
Хаан Их Хайрхан ... арван гурвантаа Хайрханд мацлаа, өвөө нь.
- Хурай, хурай, хурай...
- Тэрхийн Цагаан нуур нь Эмгэн Эх савдагтай, тэрлэг дээл нь нимгэрээд, үрсүүд нь залрахгүй учгаас өвгөн би үрсээ хамж буй үйлийг нь даатгахдаа "Миний үрсүүд түмэнтээ" гээд овоон шавыг өндийлгөөд заларсан.
- Өвөө хаахнатай нь юм бол дараа балчир нь очихдоо ...
- Болно оо. Эх Тэрхийн Цагаан нуур, Яруу хийдийн хэмээх хутагт хувилгаадын их тал нутаг, Довцог Их Хайрханаа овоолго эх шавыг ажвал сүрлэг эх овоон орой нь сүлд хийморьтой, энгэр бичиг нь ... гээд угийн заяаг залсан байгаа. Залраарай.
- Тэгнэ ээ, өвөө. Балчир нь тал, хангайд мордохдоо идээ, будаа дандаа өргөж яваа ...
- Ай даа. Хангай, Хайрхадаа баясгаж мордсон хүмүүн хэзээ ч гунддаггүй Халх Жаяг байдаг. Шарын их шашин чинь хүртэл идээ, шүүсээ дээдлэн одуул гэж үрсүүд та нартаа өвөг дээдэс нь өчдөг байсан билээ.
- Ухлаа, өвөө.
- За миний хатан нааш залар аа. Өвөөгийнхөө зүүн эх өвдөгнөө түшээд нэг тухал.
Тэнгэрийн эх заяанд мордсон аавын их сэтгэл, эцгийн их ноёнгоор үр чамд хийморь их хүсэл, баясал их хормойдох сэтгэлийг нь өвөө нь цайлъя.
Эрхэлж наадах үрс минь өвгөн биднийг хэдий хатуу хүтүүг замнаж туулсан ч, ээ дээ миний үрсүүд эрхэлж наадахгүй холоо мордсон. Танхил хэмээн нялхас, хатад хэмээх үрсүүд нь алсын хатуу замналдаа хар цагааныг дэнслэн мордохдоо хатуу зовлонг үүрсэн л байлгүй. Эвий дээ, миний "үр үхтэл үрийн төлөө" гэж сэтгэлээ дээдэлж, энэ биеэ чигчийн чинээ болтол, атигархан хатан болтлоо сэтгэлээ чилээж, хаа холыг мордтол арвин хүслээ тээсэн хатан үр минь эцгийн нөмрөөр хийморьлог мордоорой.
- За өвөө, талархлаа. Би аавыгаа ингэж л түшиж байсан юм даа, өвөө.
- Дутуу бүхнийг нь дүүргэж, дундуур бүхнийг бялхуулаад тэнгэрт мордсон эцэг чинь буян заяаг дээдлэхдээ үрээрээ өөрийн их заяат баатар эрсийн түшгээр удам заяат үрсүүддээ түшиг болно гэж очиж байсан гэж өчиж байна. Хорвоогийн хатуу замналаар, ай даа тэнгэрт мордсон ч, халтирч их гундуу замнасан ч өвгөн маньтай учраад тэнгэртээ амгалан тухлахдаа үр чамд нэгэн хуягийг залаарай гэж өчсөн. Яасан бэ? 
- Залаад ирсэн, өвөө. Залах уу?
- Ээ, залаад аль. Энэ залах хуягийн энгэр үйлийг нь өөрөө мутарлахгүй яав?
- Түшээ: Ээж эмжээрийг нь өөрөө мутарлаж чадахгүй, хүнээр эмжүүлсэн юм аа, өвөө. Бусдыг нь өөрөө хийсэн, өвөө. Болж уу, өвөө?
- Аятай л юм. За миний балчир үүнийг залаад өвгөн манийг түш ээ.
- Түшээ: Залаад гэж, би өмсөх юм уу?
- Ай даа залчих аа. Баатар бие нь байна.
Олгой хагаравч тогоон дотроо л гэж өчдөг лугаа адил үрсүүд та нартаа аминчлан хүүрнэх үйлтэй. Эцэг эх дээд нь түмний их баялгийг дээдлэн байж залахдаа түмэндээ мутрын үйлээр, ухааны их бядаараа түмнийг өндийлгөж, алдар цуурайтай л замнаж байсан гэж өчиж байна. Түшээ тайлаарай.
- Балчир нь сонордсонгүй дахиад хэлэх үү, өвөө?
- Эцэг заяа нь тэнгэрт мордтолоо түмэндээ тустай, түмний үйлийг нь цэгцлэн байж, мутрын үйл, ухааны бядаараа түмнийг өндийлгөж, түмний буяныг хүртэж явлаа гэж өчиж байна. Мутраараа түмнийг анагаан байж, ухааны бядаараа түмнийг өндийлгөн байж, түмэн үрсүүдийн буяныг дээдэлж, арвинтай үйлийг цэгцэлдэг байжээ. Эцгийн чинь баруун эх хөмсөг нь энэ хацар үүнээ давдаг байж дээ. Тийм үү?
- Тийм ээ, өвөө. Тийм урт байсан.
- Эцгийн сэтгэл чилээтэл нь дутуу бүхнийг нь дүүргэлээ, хатан үр минь.
- Түшээ: Балчир нь шинэ дээлээ залчихлаа, өвөө.
- За өвөөдөө залраадах.

- Амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Ганган хуягаа залаад Тэнгэр өөд мацах эцэг тань дээдлэх сургаалыг өвгөн маниар өчүүлье гэж байна. Өндийж бай.
Тэргүүн хийморьт баатар эрийн үйл нь өөдөө байг
Тэгш сайхан баялаг чинь хормой бялхаж яваг
Дээдлээд ирэх буян нь бялхам их өөдөө байг
Тэнгэр заяанаа залрах хишиг бүхэн нь өөдөө байг
Дотоод хормой нь тос өөх
Энгэр хормой нь элбэг баян
Ар хормой нь хонь хурга гишгэлээд
Арын шилээрээ адуу мал бэлчээд
Хүлгийн хийморийг эзэн лугаа босоо байг
Эзэн нь мөнх, эд нь хэврэг байх болтугай. 
- Хурай, хурай, хурай ... Ерөөл оршиг ээ.
- Энэ хуягийг миний хатан үр бээрэнтээ нэгэнтээ энэ бүстэй үрд залаад, ажуулж байгаарай. Гурван бээр өгсүүлээд бээрэнтээ нэг залаад, тухлах нарыг нь ажуулаад, залчихаад гурван бээрийн ард... хийморьт их удам тэргүүн балчир цээж нь давчдаад байна “Надад залсангүй” гээд хэн билээ дээ? ... тэр балчирт мөн адил залаарай.
- Тунгаалаа, өвөө. Том балчир хэдэн сар залах вэ?
- Мөн адил гурвантаа бээр залаад, өнө хуягийг хэн нь ч гундаахгүй бээрэнтээ нэг ганган хуягийг нь залж, эцэгтээ "удмын их үрсүүд тэнгэрт мордсон эцгийгээ умартаагүй" гэдэг сэтгэлээр ажуулж байгаарай даа.
- Тунгаалаа, өвөө.
- Үүнийг нь их удам тэргүүн балчир залж яваарай. Хээр тал руу мордохдоо ч, хайрхадын эх оройд залрахдаа ч удам эх толгой балчир нь залж мордоорой. Уг нь эх гал голомтыг түшиж өндийсөн нялх баатар чамаар тулгаа түшиж өндийлгөсөн баатрын зүчийг тэнгэрт нь шагшуулахдаа урьтаж залж байгаа юм шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Гурван сайхан /шимийн архи/ өвөөгийнхөө хулаар нэг залаадах аа. Цангинам сайхан шуранхайтай юм билээ. Ай даа нэг хангай, талыг баясгаад, Тэнгэрээ нэг баясган байж нэг шуранхай хадаана даа...
Ганган хулыг жонжуулж байж
Ганган хээнцэр баатрыг алдаршуулан байж
Ханьсах заяа хань чинь шуранхай нэг хадааж байсан гэнэм.
Гэзэг сангасаа даран байж
Гэнэн сэтгэл нь ариун байж
Өнөөх ганган заарыг шингээн байж
Сэтгэлээ чилээсэн шуранхайг хадаа.
За өвөө нь утаагаа таалъя.
- За, өвөө.
- Угсаа дагасан эцгээ дээдэлсэн ч, замналдаа түшиг болсон ханиа умартаж болохгүй учиг миний балчир шуранхайг нь нэг аятай хадаа.
- ... /”...” дууг нь дуулав/
- Тэнгэр заяаг дээдлэх буянт их хань чинь түмэн их үрсээ ажихдаа баясал арвинтай л байна. Би тэнгэртээ мордохдоо өөрийн эх баруун мутрандаа ядам эх үйлэндээ алтан эх гол залж байсан, хөх торгон хуаран хуягтай байсан хаа байна гэж байна.
- Хөх хуяг нь энд байгаа, ... алтан голыг нь мэдэхгүй байна аа гэнээ.
- Үүнэ эх бэлзгийг дээдлэн байж, үрсүүд та нар сэтгэлээ, хүчээ хумин байж эжийдээ энэ бэлзгийг ахин сэлбэж, алтан эх гол бэлзгийг залаарай.
- За тунгаалаа, өвөө. Тэгнэ ээ... Өвөө одоо ойрдоо хөдөө бага залрах уу? Өргөөндөө байх уу?
- За, Тэнгэр Эцэг зарлигдаж зараалдахгүй бол тухална аа, тухална.
За миний үрсүүд, ачлалт эхээ дээдэлж байж, арвин сургаалыг нь сонордож байж, эцгийн их заяа, эхийн их цагаан сэтгэлээр түшүүлэхдээ миний үрсүүд халуун бүлээрээ чуулан хүүрнээд, ижийдээ баруун мутарны ядам мухарт нь алтан бэлзэг залаарай. 
- Тунгаалаа, өвөө.
- Өвөө нь гурван сайхан таалъя.
- Ариун сэтгэлээ тосож хормойдовч, алив сэтгэлээ үрсүүддээ түмэнтээ дээдэлсэн учиг ахар чинээ бэлзэг үйлийг хүчирнэ биз, мм?
- Хүчирнэ ээ, өвөө.
- За өвөөтэйгээ хүүрнээ хүүрнэ.
- Алс газар байгаа хүү минь сургуулиа төгсөөд, тэнд ажил хийхгүй ирнэ гэж өвөөд хэлээрэй гэсэн.
- Эрдмийн жигүүрээр мордсон юм байна, эрдэм үйлээ чилээчхээд, Эх Монгол гүрнээ залрахгүй бол энэ бие нь чилээтэй байна шүү. Уушгиндаа сэвтэй байна аа.
- Тиймээ, уушиг муутай.
- Алив сэтгэлээрээ алсын харь гүрнээ залравч, ай даа санах эх сэтгэл нь бэтгэрч л явна. Үйлээ чилээж, эрдмээ чилээчээд эх Халх гүрнээ залрах юм бол Монгол их баатар хүмүүн байна даа, баатар эрсүүд нь харь гүрэн лүү мордвол Халх Монголын минь төрийг хэн базах юм? Түмнээ хэн түших юм? Эх тал нутагтаа залар гэж өчөөрэй. 
- Тэгнэ ээ, өвөө. Тэр үрийг минь түшиж байгаарай, өвөө.
- Үрсүүд та нар хормойдож тосоод үйл бүхнээ даатгах хэдийвч, хар амиа хоохойлохгүй нь лавтай. Тиймийн учиг ясаа дагаж, цусаа урсгасан үрс нь тэртэй тэргүй хийморь нь өндийдөг жаягтай. Үхтэл үр харам гэгчээр үрээ санагалзах арвинтай ч, эжий л өчнө үү гэхээс бусдаар нь ч өчихгүй дээ.
Та нарыг зүдрээхгүй гэсэндээ, чилээчихгүй гэсэндээ таван мухраараа албыг хатуу зөөлнийг зэхэж байж, амандаа гүнцэг, эрдэмдээ зоостой л мордож байна.
- Харин тийм гэсэн. Ирээд өвөөдөө учирна гэсэн.
- Ёстой нэг шидийн үйлийг ажсан мэт гайхшрах байлгүй дээ. Их Цагаан Тэнгэр, Өвгөд биднийг дээдэлж, Эх Нараа баясгаж цацлаа одуулдаг эдээ үйлээр минь цацлаа одуулж байгаарай.  
- Таны хайрласан цацлын хувингаар цацлаа одуулж байгаа. Хаашаа ч явсан жижиг цацлын хувингаа аваад явдаг аа.
- Чи нэг умартаж гээгээд хорыг нь хүртээ биздээ. Айн?
- Тэгсэн өвөө, одоо дахиж тэгэхгүй ээ.
- Хоног төөрүүлэх тал хаа мордоно түүн лүүгээ аваад мордож бай. Атга бурам, арвин зоосоо хумихдаа бол дэлэндээ хүртэл чилээтлээ хамхих юм билээ. Харин өвгөн миний үйлийг нэг умартаад, чи нэг амталлаа шүү дээ. Ахиж мунгинаж болохгүй шүү.
- Тэгэхгүй ээ. Ойлгосон өвөө.
- Ай, үртэй хүн жаргалтай, үндэстэй мөчир жимстэй гэдэг. Үртэй хүний жаргал өнөө л чи амтлах учигтай. Зоо нуруугаа холготол хатуу замналд нухчуулчхаад, үрсийнхээ ар араас сэтгэлээ чилээгээд, үйл бүхэнд нь сэтгэл зовиноод, бүтэн нойртой, бүлээн ундаа ч хүртэж хүчрэхгүй өтөл боллоо, үр минь. Одоо сэтгэлээр аядуу бай. Аан аандаа ухаан залсан арвин үрсүүд өвгөд маньтай учирсан юм байна, чамайг гундаахгүй нь лавтай. Айн?
- За өвөө. Тэгнэ ээ, сэтгэл тэнэгэр яваа.
- Өнөө хэвлийнээсээ унаж өндийхдөө борвио тэнийгээгүй тал нутагтаа тэнтэр тунтар дэгдэж яваа мэт өнөө өтөл болсон баатрууд нь, хатад эх заяатууд нь нялх мэт мэлмийд чинь ажигдавч ухаан нь чамаас давуу шүү. Айн?
                За өвөө нь үртэйгээ учраад зулайг нь үнэрлээд, үйл бүхнийг цэгцлээд, сэтгэл баясам ээ дээ нэг таатай л ажлаа.
- Сайхан байна аа, өвөө.
- Өвгөд Их Шүтээд бид нь үрс та нарынхаа сэтгэлийг нь зална уу гэхээс өргөл барьц залахгүй шүү дээ.
Та үрсүүд минь амгалан байж
Та үрсүүд минь босоо байвал
Өвгөд бидэн нь талд тухалсны учиг нь энэ. Хатуу хорвоод зүдэрч мордох үрсүүд минь нэгээхэн нь ч гэсэн босоо байж, ухааныг залбал бид талд тухалсны учиг энэ.
Бусдаар эх заяатай
Онго Их Шүтээн хэмээх алдартай
Бусармаг үйлийг зэхэж
Арвин үйлэнд шунадаг Тэнгэрүүд бол хатуу. Хормойг чинь сэгсчээд, хотлыг чинь харлуулчих нь шүү дээ.
Миний үрсүүд өвгөн маньтай учирснаас ард
Тэнгэр мэт цэлмэг ухаантай болсон
Цээж тэвхгэр өөдөө босоо болсон
Уужуу их хүүрнэл тань ёсон жаягаа дээдэлдэг болсон
Ухаан нь хүртэл Тэнгэрийн ухааныг атгаж хүртсэн.
Буян хэмээхийг дээдлэх сэтгэлийг нь хүртэл түшиж өндийлгөсөн
Хүслээр чинь замнах, хүртэхгүй байгааг хүртээх гэж зовох энэ бүхнийг үрсүүд та нартаа хүртээсэн шүү.
- Талархлаа, өвөө.
- Алив сэтгэлийг чинь ажиж тольдох нь ээ
Энэ л удам босоо байж хүчирвэл
Энэ л угсаа өндийж
Ар араас залгах нялхас балчрууд нь хүртэл бие биенээ түшээд
Энэрэлт эжийгийн хайранд умбаж
Эцгийн арвин сургаалыг сонордоод
Хийморьлог мордвол
Хэдэнтээ үеэрээ Тэнгэрийн Жаягаар өндийх жаягтай байдаг.
Эх Тулган дах галыг ноцоогоод Тэнгэрт таниулсан үрс та нар
Эх галыг чинь тахин мандааж, өргөл дээдээ залсан та нар
Хэдэнтээ жарантай нэгэнтэй байж
Хэдэнтээ жаран угсуулж тахиж мандаана
Тэр галынх нь тахьсан үйлээр нь өнөө үе үечлэх үрсүүд чинь хүртэл тэгширч өндийдөг юм шүү. Энийг ухацгаагаарай.
- Тунгаалаа, өвөө.
- Хүмүүн чинь мунхаг ухаандаа чөдөрлөгдөхөөрөө уруу хазгай дэгдэх гээд байдаг.
   Мунхаг ухаанаараа харыг санахаараа үйл бүхэн нь хашигдаад байдаг.
Тиймийн учиг миний балчир
Хар санаа өвөртөлж болохгүй
Хараал зүхлийг өчиж болохгүй
Бие биендээ түшигтэй бай
Хайрхад нь та нарыг түшнэ
Тэнгэр нь тэтгэнэ.
Эх талын, нутаг усын их булаг шанд
Их сүрлэг үзэсгэлэн гоо Хайрхад нь хүртэл та нараараа бахаддаг юм.
Өвгөд бид нь эх талдаа тухлахдаа та үрсүүдээ
Монгол Эх Жаягаа умартаад
Ахан дээдсээ дээдэлж хүчрэхгүй
Арвин талаа гундаагаад
Ёсон жаягаа умартаад
Монгол хэмээх Гал Хийморио гишгэдэл уландаа залаад, мордчих вий гэсэндээ үрсүүд та нарыг энэ л арвин сургаалыг өчиж байж, үрсүүд та нараа галын дөл шиг дүрэлзүүлж, Тэнгэрийн Жаягаар өөдөө болгож байгаа юм шүү.
- Талархлаа, тунгаалаа, өвөө.
- Хайран дундаа энхрийлэн байж халгих өвгөн манийг арвин их сэтгэлдээ дээдэлж залах үрсүүд та нарт талархлаа. Хайр бүхний хишгийг эргүүлэн нөмрөхдөө Тэнгэрээс заяасан буян, хүсэх үйл болгоныг нь хүртээж байвал бидний та нарыг хайрлах хишиг нь юм шүү дээ.
- Тунгаалаа, өвөө. Талархлаа.
- Ухаантай хүмүүнийг мунхаг баялагт хүмүүн ч ниргэж хүчирдэггүй. Ухаан мунхаг баялагт нь сагарсан хүмүүнийг ухаалаг зүдрүү ядуу нь ч дийлдэг юм шүү дээ. Энэ хорвоо ийм л учигтай юм. Өнөө од баясалтай байж болно. Арвин баялагт умбачхаад, ухаан муутай бол арагшаа Тэнгэрийн хаяагаа ажиж хүчрэхгүй, ар арын замналаа тольдож хүчрэхгүй үрсүүд бол өнөө баялагтаа оодроод, мунхаг л морддог. Алсаа ухдаггүй. Харин ухаалаг хүмүүн нь бол атга ч гэсэн ембүүгээ түмэндээ хүртээгээд, арвин буянаар түмнээ түшээд л, сэтгэл цайлган мордож явахад та нар өнөөх агтны хариу жарандаа, аяганы хариу ододдоо гэдэг лугаа эргээд л та нарт залсан буян, сэтгэл чинь хишиг болоод хүртэнэ шүү дээ, үрсүүд минь.
- Тунгаалаа, өвөө.
- За өвөө нь утаагаа таалъя. Идэр хүйтэн жаврын есөнтөө залраад, тачигнаж байхад өвгөд бидэн нь талд тухлахад миний түшээ энгэр дүүрэн өвгөн маний унд, сархад, утаа цугаарыг нь залчхаад л залдаг байлаа. Өвгөн би ахар их цасан дээр тухлахдаа цэцэгсийг өндийлгөөд мордож байсан юм шүү. Шидийг ажсан түмэн өнөө болтол хормойдсоор л...
Мутрынхаа шидийг ажуулан байж, сэтгэлээ чилээж байж аядуулсан их үйлийг чинь өвгөн би мялаахдаа үрсүүдээр чинь алтан бэлзэг зэхүүлье даа. Өвөөд нь алтан бэлзэг алга аа.
- Түшээ: Аагтай шаргал таалах уу, өвөө?
- За таалъя даа. За миний үрсүүд шуранхай хадаа.
- ... /дуу дуулав/
- За та үрсүүд сэтгэл нэгдээд, нарыг баясгаад нэг шуранхай хадаагаадах.
- ... /дуу дуулав/
- Та үрсүүд ажиж байгаарай. Шуранхайг нэг хадаахад тэнгэр нь цэлмэж, нар нь залрах учигтай. Хур нь мордож, та нарыг баясгах учигтай байдаг юм.
- Аа тунгаалаа, өвөө.
- За дараагийнх нь учраа. 

***
Үргэлжлэл бий...

No comments: